ХӨХ ГАН ХК ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хөх ган ХК нь Монголын анхны шууд ангижруулсан төмөр боловсруулах үйлдвэрийн нэг юм.

2007 онд Монгол улсын Бэрэн групп ХХК болон Сингапур улсын Фабер Инвестмент хөрөнгө оруулалтын компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар анх байгуулагдсан.

2008 онд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарган өнөөдрийн хэмжээнд 900 гаруй хувьцаа эзэмшигчидтэй. Тус үйлдвэрийг барьж байгуулах явцад хөрөнгө оруулагч хоёр талаас нийт 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд үйлдвэрийн дараагийн шугамыг барьж дуусгахад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсны улмаас 2008 оны 08 сард “Хөх ган”ХХК-ийг Хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, хөрөнгийн зах зээлд хувьцаа гарган борлуулах замаар 3.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмж татан төвлөрүүлсэн.

 

 

2009 онд Үйлдвэрийн эхний шугамыг ашиглалтанд оруулж, Монгол улсад анхны Ангижруулсан төмрийг үйлдвэрлэсэн юм. Тус онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулан шууд ангижруулсан төмөр нийлүүлж эхэлсэн. Энэхүү ангижруулсан төмрийг хайлуулан арматур, ган бэлдэц гаргаснаар Монгол улс өөрийн орны төмрийн хүдрээс шат дараалан боловсруулж эцсийн бүтээгдэхүүн анх удаа гаргасан.

 

2010 онд Монгол улс Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв- 2009” үзэсгэлэнд Шууд ангижруулсан төмөр бүтээгдэхүүнээрээ оролцож, үзэсгэлэнгийн Гран-при шагналыг авсан юм.

Манай компаний үйлдвэрлэдэг шууд ангижруулсан төмөр нь хаягдал төмөр, ширмийг бүрэн орлох ба чанар, үр ашгийн хувьд илүү, сайн чанарын ган үйлдвэрлэхэд үндсэн түүхий эдээр хэрэглэдэг. Тус үйлдвэр нь жилдээ 40 мян.тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулж, 30 мян.тонн 84-92% төмрийн агуулгатай ШУУД АНГИЖРУУЛСАН ТӨМӨР үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол улсын хувьд анхны төмрийн баяжмалыг боловсруулж буй металл төмөр үйлдвэрлэгч үйлдвэр юм.

Тус компани нь БНХАУ-н металлургийн тэргүүлэх компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өөрийн улсаас авах боломжгүй түүхий эд материалыг дээрх компаниудаас импортлон авдаг юм.

Үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 250 гаруй ажилчин, албан хаагчидтай болж өнөр өтгөн хамт олон болж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Үйлдвэрийн дэргэд ган төмөрлөг үйлдвэрлэх ган, ширмийн үйлдвэрүүд баригдаж байгаа нь эдгээр үйлдвэрийг түүхий эдээр хангах эрхэм зорилготой юм.

 2011-2012 онд ОХУ-д болон БНХАУ-д анхны бүтээгдэхүүнээ импортолж, хэрэглэгчийн хүрээгээ тэлсэн.

2013-2015 онд шинээр гангийн үйлдвэрт хэрэглэгдэх түүхий эд бүтээгдэхүүн болох кокс болон агломерат үйлдвэрлэсэн.